Бид орчуулгаа ОУБНН-ээс гаргасан эх текстүүдээс хийдэг.
Орчуулгын явцад эртний грек, сири, латин болон орчин үеийн хоёр дахь хэлний (жишээлбэл англи хэл дээрх) орчуулгуудыг авч үзэх боловч тэдгээрээс тодорхой нэгэн орчуулгыг жишиг болгон баримтлахгүй.
Библийг эх хэлнээс нь орчуулж байгаа үед эх хэл дээрх үг хэллэг, утга санаа, үгийн онцлог, цохон тэмдэглэл, ижил төстэй эсвэл эсрэг тэсрэгээр харьцуулсан үг хэллэг (ялангуяа яруу найргийн хэсгүүдэд), дуу авиа бүхий үг зэргийг ил тодоор ялган таньж, ойлгон, түүнийгээ орчуулж буй хэл дээрээ илэрхийлэх боломжтой болдог. Эх хэл дээрх тэр боломжит утгууд, хоёрдогч хэл дээр яахын аргагүй тодорхой хэмжээгээр суларч, заримдаа алдагддаг зүйлсийг монгол орчуулагчид өөрсдөө эх хэл дээр нь харж, монгол сэтгэл оюунд тааруулан, монгол хэлний дүрэм, онцлог, дүйцэх үг хэллэг, бүтцээр орчуулах нь чухал.
Цаашлаад хөдөө аж ахуй зонхилсон, нүүдлийн соёл иргэншилтэй байсан эртний еврей болон Ойрх Дорнодын соёл, сэтгэлгээ ба мөн адил нүүдлийн соёл иргэншилтэй монгол ахуй соёл хоёрын хооронд адил шинж чанар, онцлогууд байх нь ойлгомжтой. Иймд эх хэлээс орчуулж байгаа үед суурин соёл иргэншилтэй Барууны хэл, үг хэллэг, ойлголт сэтгэлгээнээс гарсан орчуулгын хүрээнд баригдахгүй болох юм.
Энэ шинэ орчуулгадаа монгол хэлний үг үсгийн дүрэм, өгүүлбэрзүй, өгүүлбэрийн гишүүдийн байр дараалал, үг хэллэг, өвөрмөц хэллэг, хоршоо үг зэргийг монгол төрөлх хэрэглээгээр нь зохистой ашиглана. Эх хэл дээр байгаа утга санаа, ухагдахуун ойлголтыг монгол хүн монгол хэлээр чанарын өөрчлөлтгүйгээр хэлвэл хэрхэн яаж хэлэх вэ гэдгийг бодож тооцон, орчуулж байна.
Олны өмнө уншихад түгдрэл төвөггүй, төрөлх байдлаар бичигдсэн өгүүлбэртэй, өгүүлбэрийн утгат хэсгүүдийн урт нь уншлагад таарсан, амьсгал авах зай ч зохист хэмжээнд байвал сонсголонтой болно гэж хичээн ажиллаж байна.